week.mn
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
week.mn
Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах

Крипто – Бяцхан зөвлөмж

2022-03-17
ХУВААЛЦАХЖИРГЭХ

Д.Баасандорж

Сүүлийн үед Цахим мөнгө /Bitcoin болон Crypto/ -ийг Монголчууд маань ихээр сонирхож, мэдлэг мэдээлэлгүйгээс болж өөрийн хөдөлмөрлөж олсон хөрөнгөө эрсдэлд оруулж, хохирч болзошгүй байдалд бий болж байгаагаас сүүлийн 4-5 жил энэ чиглэлийг сонирхож, оролдож ирсэн туршлага гэх үү, мэдлэг гэх үү толгойд байгаа зүйлээ та бүхэнд хуваалцмаар санагдаж энэхүү постыг бичиж байна.

Миний хувьд 2016 онд Биткойны талаар сураг сонссоноос өөр ямар ч мэдээлэлгүй, хаанаас авах, бусад коинуудыг яаж авах талаар ямар ч ойлголтгүй Гантигаас чатаар асууж байгаад CEX.io биржид бүртгүүлж эхэлж байсан. Энэ дашрамд Gantig Bayrmagnai-т талархаж явдагаа илэрхийлж баярлалаа гэж хэлмээр байгаа ба бусаддаа мэдээлэл хүргэж, туслах санааг минь дэмжих байх гэж найдаж байна.
Энэ группт маш сайн, дундаж болон огт мэдлэг мэдээлэлгүй, хаанаас яаж коин авах, яаж бүртгүүлэхээ ч мэдэхгүй маш олон хүмүүс байгаа байх. Би тэрхүү хаанаас, яаж, хэрхэн гэж байгаа хүмүүсийг миний гаргасан алдааг давталгүйгээр Крипто ертөнцөд хөл нийлүүлээсэй гэж хүсэж байгаа юм шүү.

За олон юм нуршсанд хүлцэл өчөөд гол яриандаа орьё. Тэгэхээр Биткоин болон бусад криптог -Олборлох, -Худалдаж авах гэсэн 2 үндсэн аргаар олж авч, хадгалж болно. Олборлолтын тухайд койны үндсэн технологиос шалтгаалж төхөөрөмжөөр болон үүлэн буюу cloudmining гэсэн аргаар олборлодог. Миний хувьд энэ 2 аргуудаар олборлолт хийж байсан ч хувь хүний хувьд хэтэрхий удаан цаг, зав үрсэн, ашиглалтын зардал ихтэй байсан. Харин их хөрөнгөөр, аж ахуйн нэгж хэлбэрээр бол асуудал өөрөөр яригдах байх.
Тэгэхээр бид бүхэнд худалдаж авах буюу биржээс эсхүл хувь хүнээс худалдаж авч арилжаанд оролцох гэсэн сонголт л үлдэж байгаа юм. Би хувь хүнээс хүнээс худалдаж авахыг нэг их таашаадаггүй, гэхдээ Binance бирж Монгол төгрөгөөр Р2Р арилжааг дэмждэг болсноор ямар нэгэн асуудалгүй болсон. Тэгэхээр үндсэн буюу арилжаа гэсэн сэдэв рүүгээ орьё:

Нэг. Арилжаа хийхэд хэрэглэгдэх “Нэр томьёо”-ууд

  1. BITCOIN ба ALTCOIN-Биткойн ба бусад, өөрөөр хэлбэл Биткойноос бусдыг нь алткойн гэж нэрлэнэ.
  2. BULL MARKET / Bull run / Bullish/ – Бухын хөдөлгөөн, Бухын сэжилт г.м янз янзаар л ярьдаг: Өсөлтийн зах зээл гэж ойлгоход болно. 2010 он буюу Биткоин анх арилжаалагдаж эхэлснээс хойш 2010-2011, 2013, 2017 онуудад Bull market болж байсан ба одоо 2020-2021 онд болж байгаа 4 дэх Бух зах зээл тохиож байгаа үед бид бүхэн амьдарч байна. Гэхдээ хэзээ дуусахыг хэлэхэд одоо эрт байна. Миний ажигласнаар крипто зах зээл түүхээ ихэвчлэн давтдаг шинжтэй учраас энэ он дуустал үргэлжилж магадгүй. Ялангуяа Биткоины хөдөлгөөн 2017 оны 01-ээс 05-р сартай их адилхан байгаа. 2013 оныхтой ч мөн адил төстэй байгаа.
  3. BEAR MARKET / Bearish- Баавгайн хөдөлгөөн буюу уналтын зах зээл. Маш удаан, сэтгэл түгшээсэн, удаан үргэлжилдэг хэцүү үе. Гэхдээ энэ үед бас ашигтай ажиллаж болдог. Тэр талаар доор тодорхой бичнэ.
  4. HOLD/ HODL– барих гэж ойлгож болно. Манайхан ав/дар гэж ч хэлдэг болсон. 2013 онд 1 арилжаачин залуу согтуудаа hold гэж бичих гэж байгаад үсэг андуурагдаж, түүнээс хойш HODL гэх болсон.
  5. АТН /All time high/- бүх цаг үеийн дээд үнэ
  6. ATL /All time low/- бүх цаг үеийн доод үнэ
  7. PUMP– үнэ огцом хөөрөгдөх
  8. DUMP-үнэ огцом унах
  9. FOMO/Fear Of Missing Out/-Хоцрох айдас гэвэл тохиромжтой юм уу. Манайхан одоо орвол оройтсон уу, энэ коин яах бол, энэ коин дээр санаа оноо юу байна г.м их асууж байгаа харагддаг. Яг дотроос нь хатгаад орчихвол яах бол гэсэн бодлоор арилжаанд орох сэтгэл зүйг л FOMO-роно гэж ойлгоход болно.
  10. Day/short term- Өдрийн буюу богино хугацааны өөрөөр хэлбэл өсөлт, бууралт явагдаж байгаа галзуу хурдан маркетаар арилжаа хийх. Анхлан суралцагчдад дэмий зүйл.
  11. Middle term– Дунд хугацааны буюу 3-7 хоног заримдаа 14 хоногоос 1 сарын хугацаанд хугацаанд явагддаг арилжаа, хамгийн тохиромжтой, ялангуяа энэ зах зээл Bullish байгаа үед тохиромжтой.
  12. Long term– Урт хугацаа буюу 3-6 сар, HODL гэж болно. Аваад дарах гэж ойлгосон болно.
  13. Total supply– Тухайн коины нийт хэмжээ. Тухайлбал Биткоины тотал нь 21 сая ширхэг.
  14. Stablecoin-Үнэ тогтвортой буюу 1 USD-той тэнцэж байдаг коин. Ийм коин одоо маш олон төрөл болсон ба томоохон төлөөлөгчид нь USDT /Tether/, BUSD /Binance USD/. Ийм коинуудыг төрөл бүрээр ашиглаж болдог ба ихэвчлэн тухайн авсан коин чинь томоохон памп явагдаж өслөө гэхэд stable coin-оор зарж өсөлтийг нь барьж авна. Биткоин болон бусад коинуудын үнэ ихээр унах үед stable coin болгож мөнгөө хамгаална. Тухайн stable coin нь үнэ тогтвортой учир мөнгөө үнийн уналтаас хамгаалах найдвартай арга юм. Гэхдээ бас мөнгөө stable coin-оор байлгаад байвал Биткоин болон бусад коинууд гэнэт өсвөл, stable coin-оор байлгавал тэрхүү өсөлтөөс хоцроно гэдгийг бодолцох хэрэгтэй. Саяхан USDT-ийг 12,000₮-өөр авсан сураг байсан. Тэр бол 1$-ийг 12,000₮-өөр авч байнаа гээд ойлгочих. Тэрийгээ болиорой. Шууд хохирол амссан байна.
  15. www.coinmarketcap.com – Энэ бол Дэлхий дээрх бүх коин, мөн арилжаа явагдаж байгаа биржүүдийн мэдээллийг эндээс авна. Хаанаас энэ койныг авах гэж хэн нэгнээс асуухаасаа өмнө энэ сайт дээр ороод маркет хэсэг рүү ороод л аль , аль бирж дээр арилжаа явагдаж байгаа нь харчихаж болно. Манайхан энэ сайттай сайн ажиллаж сурах хэрэгтэй. Ямар нэгэн коины мэдээлэл авах гэж байгаа бол бусдаас энэ хир бол, яах бол гэж асуухаасаа илүүтэйгээр энэ сайт дээр байгаа мэдээллүүдийг маш сайн ухаж үзсэн хамаагүй дээр. Хайлтын хэсэгт коиныхоо товчилсон 3-5 үсэг эсхүл нэрийг нь бичээд л хайчихна. Энд тухайн коины ханшийн түүх, ATH, ATL-ууд болон болон сүүлийн 3 сар, 6 сар, 14 хоногоор үнэ ханш, тухайн койны албан ёсны вебсайтны линк, тухайн койны талаар мэдээ, мэдээлэл гардаг сошиал сувгуудын линкүүд, шинээр гарах гэж байгаа койнууд г.м маш их мэдээллүүд гардаг. Харин 1 зүйлийг анхааруулахад койны ханш харах гэж байгаа бол www.coinmarketcap.com дээрх ханш бол бүх биржүүд дээр байгаа ханшийн дундаж ханш шүү. Манайхан энэ сайтын ханшаар авна, зарна гээд байдаг, энэ бол нэгнийгээ хохироож байна л гэсэн үг. Сүүлд нь хэлэхэд зарим койнууд болон биржүүд энэ сайт дээр байдаггүй тохиолдолдлууд бий, энэ нь тухайн бирж болон койн хулхи, скам гэсэн үг биш, энд байгаа зарим койн болон бирж ч гэсэн баталгаатай найдвартай гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. Эцэст нь судалгаа, судалгаа…
  16. 2FA /Google authenticator/ – Ерөнхийдөө хамгаалалтын талаар манайхан их асуудаг, найдвартай юу, койноо хадгалвал хир бол г.м Бирж хакердуулж байсан түүх нилээн хэдэн тохиолдлууд бий. Койн чинь хадгалагдаж байгаа бирж хакердуулчихгүй бол өөрийн аккаунтад байгаа хэтэвчээ хамгаалах асуудал хувь хүний л асуудал. Бирж хакердуулах асуудал өөрөө маш том сэдэв бөгөөд тухайн биржийн нэр хүнд, хулгайлагдсан койны үнэ навсайтал унах г.м маш олон муу үр дагавартай.
    Ямар нэгэн бирж дээр бүртгүүлэн, аккаунт үүсгэж, баталгаажуулалт хийж байгаа үедээ анхаарах зүйл бол нэвтрэх нууц үг мартах, 2FA key-ээ алга болгосон тохиолдолд хэрхэх вэ гэдгээ заавал анхаарч хуулж авах хэрэгтэй гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Бүр зарим бирж арилжааны пасс кодтой хүртэл байдаг юм шүү. Эдгээр зүйлсийг хайхраагүйгээс бирждээ нэвтэрч чадахгүй байдал үүсэх /авсан койн чинь өсөөд байдаг, нэвтэрч чаддаггүй, захиалга өгчихсөн байдаг үнэ унах г.м/ зэргээс дараа нь харамсах зүйлс зөндөө тохиолдлууд бий шүү.
    За бусад нэр томьёоны талаар дараах линкэээр ороод мэдээд авахад болно. https://blog.liquid.com

Хоёр. Зөвөлгөө авах талаар:

  1. Манайхан бусдаас зөвөлгөө авахдаа энэ койн хир бол, явах болов уу, өсөх болов уу гэж их асууж байгаа харагддаг, бусдаас зөвөлгөө авах зүгээр ч гэсэн энэ шинэ салбарт яг найдвартай зөвөлгөө өгчих хүн ховор, хараад байхад зөвөлгөө өгч байгаа хүн өөрийн авсан койноо бичээд байдаг гэтэл тэр койн яг өсөх үү, үгүй юу гэдгийг зөвөлгөө өгч байгаа хүн нь өөрөө ч мэдэхгүй явдал зөндөө байдаг. Миний хувьд зөвөлгөө авахаас илүүтэй өөрөө эрэл, хайгуул хийхийг чухалчилдаг. Би дараах эх сурвалжуудаас мэдээлэл хайдаг. Twitter, Youtube, Telegram, Discord, Medium, Reddit, Cointelegraph, Linkedin г.м олон суваг, апп-ын тухайн койны албан ёсны эх сурвалжуудаас гадна Youtube дээр маш олон, бүр дэндүү олон мэдээлэл, сигнал өгдөг youtube-рүүд байгаа шүү.
  2. Дээрх байдлаар өөрөө судалж уншиж /google translate ашиглаал уншихад ерөнхий баримжаа нь гараад л ирнэ/судалж байх явцад таны англи хэлний мэдлэг маш сайжирч байгааг та өөрөө ч анзаараагүй байдаг.
  3. Койны өсөлт бууралтын талаар төлбөртэй сигнал өгдөг хүмүүсийн талаар юм хэлэхийг хүсэхгүй байна. Сигнал авах эсэх өөрийн тань асуудал учраас нээлттэй орхиё.
  4. Харин мэдэхгүй чадахгүй зүйлээ бусаддаа ярьж, олсон мэдсэнээ бусадтайгаа чөлөөтэй ярилцдаг групп чатын тухайд маш үр дүнтэй байдаг. Анх 2017 онд Crypto family нэртэйгээр 50-иад хүнтэй эхэлж байсан, одоо 20 орчим хүнтэй групп чат байдаг. Манай хэд одоо бүгд эр, эмгүй хашир хандгайнууд, маш туршлагатай арилжаачид болсон байгаа. Энд бичигдэж байгаа бүх зөвөлгөөнүүд тэдний маань олж мэдсэн, амьдралын явцад олж авсан туршлагууд юм. Манайд хамгийн бага үнээр авч, хамгийн өндөр үнээр зардаг нь ч байгаа, орой дээрээс очир эрдэнэ шүүрч байгаа/манай гишүүний өөрийнх хэллэг/ мэт өндрөөр авч, яаж алдагдалгүй гарах аргыг олсон 7 шархадсан чоно ч байгаа.

Гурав. Арилжаанд оролцох биржүүд

Миний хувьд дараах биржүүдээр арилжаанд ихэвчлэн оролцдог ба одоогоор хамгийн найдвартай биржүүдэд тооцогдож байгаа.

  1. www.binance.com Одоогоор хамгийн том, хамгийн олон койнтой бирж, мөн Монголоос шууд visa, mastercard-аар орлого хийж болно.
  2. www.cex.io Англи-д байрладаг, фиат буюу манай банкуудын visa, mastercard-аар орлого, зарлага гаргахад ямар ч асуудалгүй бирж. Цөөхөн койнтой байсан, харин сүүлийн үед олон койнтой болсон. Зарлага гаргахад Монголд ажлын 3-5 хоног болж ирдэг.
  3. www.bittrex.com энэ биржийн талаар талаар манайхан ардкойноор дамжуулж сайн мэддэг болоод байгаа ба Хойд Америкийн томоохон биржийн 1-д зүй ёсоор орно.
  4. www.huobi.com тун давгүй бирж. Өөрийнх нь НТ гэсэн коинтой. Бонус, урамшуулал ихтэй бирж.
    Сингапурын доорх 2 бирж надад их таалагддаг нь элдэв бонус ихтэйн дээр хямд үнэтэй shitcoin маш олон тэд нар нь ч савалгаа ихтэй /энэ талаарх арилжааны тактикийн талаар доор тодорхой ярья/ ашиг ихтэй байдаг учраас танилцуулж байгаа юм.
  5. www.kucoin.com баталгааны хувьд элдэв хакерын аюул гарчихгүй бол асуудалгүй, хямд койн олонтой, элдэв трейд, уралдаан, тэмцээн олон зохиогддог. Миний хувьд азтай байсан 1 тохиолдол гэвэл 2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын шигшээ 32, 16, 8, 4-ийг таах уралдаанд оролцож боломжийн Биткойн хожиж байсан сайхан түүхтэй бирж. Биржийн өөрийнх нь KCS койн 3-4$-аас огцом өсөж байгаад 20$ хүрч одоо бага зэрэг буусан байгаа. Мөн KCS-ийг хэтэвч дотроо HODL-дож хадгалвал хүү өгдөг. 100 KCS хадгалахад 1 өдөрт 0,2 KCS-ийн хүү өгдөг. Ер нь биржийн өөрийнх нь коин тун зүгээр байдгийг BNB буюу Binance койн-оос мэдэх байх.
  6. www.cointiger.com За ёстой зүсэн зүйлийн коинтой бирж. Бирж өөрийн ТСН буюу Tigercash гэж койнтой /одоогоор 0,02$ ханштай байгаа/, бүр юанаар ч арилжаа хийж болдог. Маш хямд буюу зарим нь бүр 0.00000001$-ийн үнэтэй койнууд язагнаж байдаг бирж.
    Уг 2 бирж нь www.coinmarketcap.com сайтаас коины мэдээлэл хайх шаардлагагүй буюу бирж доторх coin info хэсэгт нь тухайн койны бүх мэдээлэл, вебсайтын мэдээллүүд байж байдаг
    Цаашлаад www.hitbtc.com, www.bibox.com, www.gate.io, www.uniswap.org www.ftx.com г.м арилжаа хийх зөндөө сайтууд байгаа, та бүхэн өөрсдөө судлана биз.

Дөрөв. Шилжүүлэг

Анхлан суралцагч, дөнгөж эхэлж байгаа хүмүүс биржээс биржд хооронд яаж мөнгө оруулах, яаж буцааж гаргах, зардал багатай вэ гэж их асуусан байгаа харагддаг.

  1. Шууд буюу фиат гүйлгээгээр банкны картаар аккаунт руугаа орлого хийж байгаа бол ямар ч асуудалгүй оруулсан мөнгөөрөө Биткоин худалдан авах эсхүл stable коиноор худалдаж аваад байж болно. Эсхүл хувь хүнээс Биткойн худалдаж авч аккаунт руугаа шилжүүлсэн ч болно.
  2. Фиат гүйлгээ Монголоос авдаггүй зөвхөн крипто орлого хүлээн авдаг биржүүд руу мөнгөө оруулах хамгийн найдвэртай арга бол Монголын www.trade.mn, www.dax.mn биржүүд рүү мөнгөө оруулж шилжүүлгийн шимтгэл багатай дурын койноо худалдаж аваад арилжаа хийх гэж байгаа биржүүд рүүгээ шилжүүлэх юм. Мөн буцаагаад мөнгө болгохдоо дээрх 2 Монгол бирж дээр арилжаалагдаж байгаа койноос арилжаа хийсэн биржээсээ худалдаж авч Монголдоо оруулж ирээд төгрөгөөр зарах нь найдвартай юм.
  3. Яаж хамгийн багаар шимтгэл төлж шилжүүлэх үү гэж их асуудаг. Шилжүүлгийн шимтгэл бол тухайн койны технологитой холбоотой асуудал. Жишээ нь: Биткойн аль ч биржээс шилжүүлэхэд 0.0005 сатоши авдаг. Хурдан гүйлгээ хийвэл бүр 0.0007-9 хүртэл авдаг. Биткойн одоо 57.000$ хавьцаа байгаа. Тэгэхээр 0.0005х57.000=28.5$ гэхээр шилжүүлгийн шимтгэлөндөр гарч байгаа юм. Биткойн 10.000$ үнэтэй байхад 5$ байсан болохоор асуудалгүй байсан. ETH тухайд 0.008 гэхээр 27$-ийн шимтгэлтэй, LTC шилжүүлгийн шимтгэл 0.001 LTC гэхээр 0.34$, XRP шилжүүлгийн шимтгэл 0.5 XRP буюу 0.80$ байна. Өөр шимтгэл багатай олон койн байгаа ч одоогоор Монгол 2 бирж дээр байгаа идэвхитэй арилжаатай нь энэ 2 л байна.
  4. Шилжүүлэг хийхдээ маш анхааралтай хандах хэрэгтэй, 2-3 удаа шалга, хашираас алдахгүй шүү. Гол анхаарах зүйл бол хүлээж авч байгаа тоо, үсэг холилдсон цифрийг бүхий хаягаа маш сайн харах. 1 л тоо эсхүл үсэг андуурвал шилжүүлсэн мөнгө чинь алга болох эрсдэлтэй. Мөн койны онцлогоос шалтгаалж лавлах тоо буюу нэмэлт /tag, memo, tan code г.м/ тоог орхигдуулж хэрхэвч болохгүй. Бас 1 чухал зүйл бол шилжүүлж байгаа койны сүлжээний хаягийг оруулахгүй бол койн чинь шилжихгүй /XRP бол XRP ERC20 бол ERC20 г.м/.

Тав. Арилжаа хийх тактик

  1. Аль бирж арилжааны шимтгэл багатай зүгээр вэ гэж асуугаад байдаг. Ер нь ихэнх биржүүд барагл адилхан арилжааны шимтгэл авдаг. Харин өөрийн койнтой биржүүд ихэвчлэн өөрийнх нь койныг HODL-дож байгаа тохиолдолд арилжааны шимтгэлийг бууруулдаг юм.
  2. Койноо авахдаа аль болох хямд үнээр ав. FOMO-рч яарч авах шаардлага ерөөсөө байхгүй. Өссөн бол бууж, буусан бол өсдөг нь тодорхой. Би Биржийн нүүр хэсэгт байдаг Gainers, Losers хэсгийг заавал орж хардаг. Gainers нь тухайн өдрийнхамгийн их өсөлттэй яваа койнууд, Losers нь тухайн өдрийн хамгийн их унасан койнууд. Заримдаа Losers болсон койнууд дотор топ-100 байдаг койнууд байвал сошиалаар ямар нэгэн муу мэдээ байгаа байгаа эсэхийг шалгаж үзээд сүртэй асуудалгүй байхгүй бол арилжаа явагдаж байгаа үнээс хамаагүй доогуур үнээр авах захиалга өгөөд унтчихдаг. Өглөө босоход захиалга биелээгүй байвал үнээ арай дээшлүүлдэг. Оройны захиалга биелсэн байвал хүлээнэ. Нэг их удалгүй унасан хэмжээгээрээ эсхүл тэрнээс ч илүү хувиар өсдөг.
  3. Шорт хийнэ гэж шийдвэл үсрээд л орчих хэрэгтэй, гэхдээ их мөнгөөр биш багахаан мөнгөөр ороход болно. Шунаж хэзээ болохгүй. Олзны бага амттай гэдэг биз дэ.
  4. Хамгийн гол зүйл Биткойныхоо тоог бага багаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Хаан Биткойн өсөх үед нэмэгдсэн байгаа сатоши ч үнэлгээ өснө.
  5. Их хэмжээтэй байгаа коиноо нэг доор хэзээ ч бөөнөөр нь бүү зар. Их хэмжээгээр зарвал шууд дамп болдог нь хууль юм. Сая Ардкойн дээр яг энэ дүр зураг харагдсан. Бирж болгоны sell хэсэг дээр 25, 50 , 75, 100 гэсэн зарах хувь хэмжээ тохируулагч байгааг анзаарсан уу, чухам тэр хувь хэмжээгээр бага багаар захиалга өгч зарвал тухайн койноо үнийг нь унагаахгүй, бусад хүмүүст ч боломж олгож байгаа нь тэр юм шүү дээ.
  6. Хэт хямдхан койнууд дээр их мөнгөөр хэзээ ч бүү ор. Багахан мөнгөөр авахад л хэдэн саяараа ирдэг юм шүү дээ. Тийм койнууд дампуураад алга болсон түүх маш байдаг тул болгоомжлуулж байгаа юм. Харин найдвартай сайн, хямд койн байвал HODL-вол хэзээ нэгэн цагт бурзайх магадлал бий. Тод жишээ нь Dogecoin байна. Хэт хямд койнууд дээр бага мөнгөөр арилжаанд ороход өдөрт өсч, буурдаг савалгаа нь 100-200% байдаг тул хөөрхөн ашиг өгдөг. Гэхдээ бага мөнгөөр!!!
  7. Дунд хугацаанд ашиг өгдөг коинууд ихэвчлэн ТОП-100-д байдаг койнууд байдаг. Тэдний зарим нь дунд хугацаандаа 4-5 нугардаг бол ихэнх нь 80-100% өсөлт үзүүлдэг. Тэгэхээр энэ өсөлтөд тааруулж зарах захиалгаа өгөөд хаяж болно. Гэхдээ стоп-лосс заавал тавих хэрэгтэй.
  8. Дунд хугацааны койнуудын өсөлт, бууралтыг сайж ажиглаж хэрэгтэй. Эдгээрийн 1 нь нөгөөгөөсөө заавал хамааралтай байдаг. Тиймээс тийм койнууд дунд шилжиж, дунд хөвөх арилжаа хийх үр дүнтэй. Жишээ нь LTC өссөний дараа Биткойн өсдөг, Биткойн унаад тогтворжмогц BTG өсдөг, Хятад гаралтай койнууд 1 нь нөгөөтэй заавал хамааралтай, эхлээд аль 1 нь өсөөд унаж эхэлхэд нөгөө нь араас нь өсдөг гол төлөөлөгчид нь VET, WAN, Neo, Loorping г.м Тэгэхээр маш их уйгагүй ажиглалт, хөдөлмөр хэрэгтэй байгаа биз.
  9. Анхлан арилжаа хийгсэд хэсэг манарах учраас биржид мөнгөө оруулчихаад юу ч авалгүй хэсэг ажигла. Харзна. Ялангуяа памп, даамп явагдаж байгаа койнууд дээр хурд ямар их хэрэгтэйг ойлгох болно. Энэ хооронд тухайн биржтэйгээ сайхан танилцаад, хаана нь юу нь байдаг, support энэ тэр лүү нь зөвөлгөө авах ч юмуу, bonus юм хум юу байна гэж жаал өлөн нүдлэж байхад гэмгүй. Үгүй дээ биржийнхээ телеграм группын англи хувилбар руу нь элсэж ороод юу ярилцаж байгааг нь сонирхоход гэмгүй. Хэсэг харж байгаад мөнгөнийхөө 10-20%-иар арилжаанд оролцож эхэл. Бүх мөнгөөрөө арилжаанд хэрхэвч орж болохгүй. Авсан койн чинь шууд унаад эхэлвэл, ороо засаад сайхан унт эсхүл ажлаа хийгээд хэсэг март. Ер нь анх удаа арилжаанд ороход заавал унадаг юм дөө.
  10. Авсан койн нь унахад манайхан ер нь л нийтлэг маш их сандардаг, ийш тийшээ пост оруулж, заримдаа хэн нэгнийг зүхэж эхэлдэг. Энэ байдал бол юу ч сураагүй байж, эрсдэлд ороход харамсах мөнгө оруулсаан л гэсэн үг. Харин манай чат группынхэн унахад эсрэгээрээ яасан уначихсан уу? За байз, сайхан унасан байна, ахиад мөнгө олж,нэмж авья гэх мэтээр ярьцгаана шүү дээ.
  11. Авсан койн чинь ихээр унасан тохиолдолд HOLD MARKET буюу барингаа арилжаа хийх тактик барьж болно. Тэр юу гэвэл унасан койноороо л арилжаа хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл авсан койн чинь унасан ч гэсэн нам унаад хэвтчихгүй, өсөх өндийх янз бүрийн оролдлого хийнэ, тэр бүрт нь HODL-оод бариад байлгүй өсөхөд нь зараад, унахаар нь аваад тухайн коиныхоо тоо нэмэгдүүлээд явна гэж ойлгож болно. Энэ тохиолдолд койныхоо 50%-иар орвол зүгээр. Жишээ нь би 2017 оны төгсгөлд 120$-оор авсан 30 ширхэг BTG койнтой Bearmarket руу орсон энэ хугацаанд зарж үрээд 15 ширхэгтэй үлдсэн боловч. Үлдсэнээ 2018, 2019, 2020 онуудад BTG өсөхөд нь зарж, унахад нь эргүүлж авсаар байгаад харин ч анх авсан илүү олон буюу 41 ширхэг BTG-тэй сууж байна. Энэ аргыг би XRP болон XLM дээр ашигласан бөгөөд маш үр дүнтэй байгаа.
  12. Эцэст нь манай Гантиг болон бусад энэ чиглэлийн зөвөлгөө өгдөг хүмүүсийн зөвлөөд хэлээд байгаа шиг алдаж болох хэмжээний мөнгөөр ороорой, хэнд ч гэсэн алдаад харамсахгүй мөнгө гэж байхгүй л байх, гэхдээ авсан коин чинь уналаа гээд зарах мөчид л чи хохиролыг бүрэн утгаар нь хүлээдэг юм шүү. Зараагүй үед авсан койн чинь үнэлгээ нь унасан ч гэсэн, тоо хэмжээ нь хэвээрээ л байж байдаг.
    За энэ постыг үүгээр дуусгая. Нилээн урт болчихлоо, та бүхнийг залхаах, уурыг тань хүргэх зүйл бичсэн бол мартчихаарай. Хичээн уншсан та бүхэнд баярлалаа. Та бүхний крипто арилжаанд тань амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Брэйв хөтчөөр 300$ олох – 2

Sweatcoin алхах тусам мөнгө өгдөг гэж үү?

2022-05-26
Брэйв хөтчөөр 300$ олох – 2

[Тойм] Техас биткойн олборлох төв болно

2022-05-26
Corex бирж нээлтээ хийлээ

Corex бирж нээлтээ хийлээ

2022-03-17
Corex бирж нээлтээ хийлээ

Bitcoin 20,000 доллар болж буурах боломжтой

2022-03-17
Элон Маскийн төсөөлөл биелдэг үү

Binance токенжуулсан хувьцааны арилжааг ‘Тесла’ эхлүүлнэ

2021-09-23
Corex бирж нээлтээ хийлээ

АНУ-ын алдарт хөрөнгө оруулагч ‘BTC алтыг орлон гэж итгэж байна’

2022-03-17

Сэтгэгдэл 4

  1. Mba says:

    Үнэхээр сайхан ойлгомжтой бичжээ. Их хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа

    Хариулах
  2. Урнаа says:

    Ийм мэдээлэл хуваалцаж байгаад баярлалаа. Сургалт зохион байгуулах уу. Сургалтанд сууяа

    Хариулах
  3. Аагий says:

    Баярлалаа. Лаа нь дээр шинжилгээ хийж сурмаар байна. Хаанаас яаж эхлэхээ мэдэдгүй ээ.

    Хариулах
  4. Дулмаа says:

    Сайхан мэдээлэл байна баярлалаа сургалт явуулах уу сонирхмоор байна

    Хариулах

Дулмаа-д хариулт үлдээх Хариулт болиулах

Сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

2022 week.mn ©

Хайлт олдсонгүй
Бүх үр дүнг харах
  • КРИПТО
  • HODL
  • NFT
  • DEFI
  • МЭДЛЭГ